ENG МОН
  contact@gurvangal.com   +976 70113444

“ГУРВАН ГАЛ” Нэгдсэн эмнэлгийн хамт олон гал түймэрт өртсөн орон нутагт ажиллаа.

“Гурван гал” эмнэлгийн 170 гаруй хамт олон гал түймрийн гамшигт өртсөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хүн амд бодит тусламж үзүүлэхээр нэг өдрийн цалингаараа хандив цуглуулсан билээ. Уг хандивын үйл ажиллагааны хүрээнд 2015 оны 04-р сарын 25-ны өдөр эмнэлгийнхээ хамт олныг төлөөлөл болох эмч, сувилагч нийлсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг тус сумыг зорьж, нарийн мэргэжлийн 7 чиглэлээр эмч нарын үзлэг, оношилгоог тус сумын иргэдэд үнэ төлбөргүй үзүүллээ.

“Гурван гал” эмнэлгээс зохион байгуулсан хандивын үйл ажиллагаанд 2360 хүн амтай сумын хүн амын 1/3 нь буюу 751 хүн 28 хоногтойгоос 81 насны хүмүүс оролцож, үзлэгт хамрагдав. Үзлэгийг эмэгтэйчүүд, хүүхдийн мэс засал, насанд хүрэгсэдийн мэс засал, чих хамар хоолой, дотор-зүрх судас, хүүхдийн эмч нар хийж, мөн ЭХО оношилгоо хийж, 51 нэр төрлийн 3 сая төгрөгний эм тариа, урвалж бодисыг эмчилгээ, оношилгоонд хандивлалаа.

Бидний үйл ажиллагааг “Улсын 2 дугаар төв эмнэлэг”-ийн эмч нар дэмжиж 600,000 төгрөний эм тариаг хандивласан бол Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх “Эйч энд Эйч” ХХК даралтны автамат суурин аппарат бэлэглэж хамтран ажилласанд нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ард, иргэдийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Түүнчлэн тус сумын эрүүл мэндийн төвийн хамт олон бидэнтэй хамтран ажилласан.

Тусламжийн багт Монгол улсын хүний гавьяат эмч, АУ- ны доктор Д.Авирмэд, АУ- ны доктор Ц.Эрдэмбилэг, , Чих хамар хоолойн тэргүүлэх зэрэгтэй эмч, докторант Ц.Базармаа , мэс заслын эмч ахлах зэрэгтэй эмч Б.Онон, хүүхдийн мэс заслын ахлах зэрэгтэй эмч Д. Отгонгэрэл, хүүхдийн эмчийн ахлах зэрэгтэй эмч Ш.Оюунчимэг, Зүрх судасны эмч дотрын ахлах зэрэгтэй эмч, докторант Ж.Нэргүй, их эмч Баясгалан ахлах зэрэгтэй сувилагч С.Эрдэнэцэцэг нар ажиллаа.

Мөн уг хандивын арга хэмжээг санаачлан хамт олноо уриалан ажилласан “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, АУ-ны доктор Ц.Эрдэмбилэг эмчдээ Түмэнцогт сумынхаа ард, иргэдийн өмнөөс талархаж байна.

 

Туслах цэс